Е-Нээлттэй Институтын Зайн Сургалтын Түүх

   ШУТИС-ийн хөгжлийн мастер төлөвлөгөө, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2007 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн хурлын шийдвэрээр хэрэгжүүлэхээр болсон Электрон сургалтын хөтөлбөрийн /2007-2011/ хүрээнд боловсролын хэрэгцээг орон зай, цаг хугацаанаас хамааралгүй нээлттэй, хүртээмжтэй, чанартай, үр ашиг¬тайгаар хангах тогтолцоо бий болгох шаардлага гарч ирсэн 2007 онд Нээлттэй их сургуулийн үндэс суурь болсон Электрон сургалтын “UNILMS” (Learning Management System) системийг ашиглалтанд оруулсан бөгөөд уг систем нь БСШУЯ-ны оны шилдэг бүтээлээр шалгарч байв. Зайн сургалтын энэхүү систем нь суралцагчдад ажлын байрнаас хөндийрэл-гүйгээр, долоо хоногийн өдөр бүр 7/24 цагийн турш магистрын түвшний зайн сургалтанд хамрагдах боломжийг анх удаа олгосон юм. “UNILMS” (Learning Management System) систем нь амжилттай ашиглагдах болсон нь шат дараалсан бэлтгэл ажлуудыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэсэнд оршиж байгаа юм. 2002-2003 онд их сургуулийн мэдээллийн системийн эхний хувилбар ашиглалтанд орж, 2004-2005 онд е-Тестийн ба файл солилцох орчин бүрдэн, 2006-2007 онд нийт профессор багш нар өөрийн сургалтын портфель дахь хичээлийн файлийг электрон файл (е-Файл) улмаар е-Хичээл болгож, анхны Онлайн хичээлүүдийг (е-Хичээл) боловсруулж эхэлсэн байна. Өнөөгийн байдлаар бүрэлдэхүүн сургуулиудын бэлтгэдэг магистрын түвшний 30 гаруй мэргэжлээр, профессорын багуудтай хамтран бэлтгэсэн 400 орчим е-Хичээлийн сантайгаар зайн сургалтыг амжилттай зохион байгуулан явуулж байна. ШУТИС-ийн хэмжээнд 2011-2012 оны хичээлийн жилд зайн сургалтанд 1021 оюутан хамрагдаж, хичээл заадаг 47 багш байсан бол 2015-2016 оны хичээлийн жилд 3650 оюутан, 210 профессор багш болж өсчээ. Түүнчлэн, Монгол улсын дээд боловсролын салбарт Нийтийн-насан туршийн-нээлттэй боловсролын МООС /Mongolian Open Online Courses/ анхны www.mooc.edu.mn вэб хуудсыг ашиглалтанд оруулсан байна.

   Е-Нээлттэй институт нь ирээдүйн ухаалаг боловсролын системийн үндсийг тавих зорилгоор нээлттэй лабораториудын сүлжээний нэг хэсэг, судалгааны нээлттэй орчин Виртуал реалити нээлттэй лабораторийг Японы Ивате их сургуультай хамтран байгуулж 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр нээлтээ хийжээ. Ийнхүү орчин үеийн өндөр технологийн судалгааг сонирхсон хүн бүрийн оролцоог хангах боломж бүхий гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан сургалт, судалгаа явуулах ажлуудыг эхлүүлээд байна. Түүнчлэн эх орондоо ажиллаж, сурч, амьдрах хугацаандаа өндөр хөгжилтэй бусад орны эрдэмтэдтэй хамтарч эрдэм судлалын ажил хийж гүйцэтгэж докторын сургалтанд хамрагдах боломж бүрджээ. Эхний ээлжинд Японы Ивате их сургуультай 1.5+1.5 жилийн докторын транснейшнл сургалтыг “Дизайн ба медиа технологи” мэргэжлээр явуулах бэлтгэлийг хангасан.